Ховд аймгийн Дарви сумын хөдөлмөрч уламжлалтай нийт ард иргэддээ

Бид 2012 оны орон нутгийн сонгуулиар Сутай нутгийнхаа түмэн олны өгөөмөр сайхан сэтгэл, ахмад буурлуудынхаа нөмөр нөөлгийг түшиж, сумынхаа хөгжил дэвшил ард олныхоо өөдрөг сайхан амьдралын төлөө гэсэн нэгэн үзүүрт сэтгэл санааг эрхэмлэн сум орноо удирдах чухал болоод хариуцлагатай албыг аваад удаагүй байгаа ч энэ хугацаанд Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлыг 2 удаа хуралдуулж 2012-2014 онд хэрэгжүүлэх Засаг даргын мөрийн хөтөлбөр, 2013 оны сумын нийгэм эдийн засгийн чиглэл, төсвийн төсөл зэрэг чухал баримт бичгийг боловсруулан батлуулаад ажиллаж байна.

Ирэх 4 жилд бодлого зорилго нэгтэй байж төрөлх сумаа улам хөгжүүлэхэд баатарлаг хөдөлмөрч уламжлалтай Сутай нутгаас төрсөн ахмад үе болон одоо ажиллаж амьдарч байгаа хамт олны маань хичээл зүтгэл их байх болно гэдгийг тэмдэглэн хэлье.

Ирж буй “Тийн ялгуусан” хэмээгч усан могой жилдээ эрүүл энх, аз жаргалтай, нутгийн ард олны маань ухаан бодол уужим, ажил хөдөлмөр нь өмнөх жилүүдийнхээс амжилтаар ахисан, ирээдүйн хөгжлийн төлөө хамтдаа зүтгэхийг хичээнгүйлэн хүсэж мэндчилж байна.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. 

   ИТХ-ЫН ДАРГА Ш.БЯМБАА                                                              ДАРВИ СУМЫН ЗАСАГ ДАРГА Д.ГАН-ЭРДЭНЭ