БҮРЭН ДУНД СУРГУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
Засгийн газрын 1926 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 28 дугаар хурлын тогтоолоор Хантайшир аймгийн Сутай уулын хошууны тэнхим нэртэй байгуулагдсан. 1967 онд бүрэн бус дунд сургууль, 1991 онд бүрэн дунд сургууль, 2008 онд 12 жилийн сургууль болон өргөжжээ. Энэ хугацаанд Бага боловсрол 75 удаа, Суурь боловсрол 37 удаа, Бүрэн дунд сургуулийг 14 удаа төгсгөж зохих шатны боловсрол олгоод байна. Ховд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2008 оны 01 дугаар сарын 16-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор МУ-ын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, алдарт хоньчин Сономцэвээний Цогтгэрэлийн нэрэмжит бүрэн дунд сургууль болсон.
Сургуулийн үнэт зүйл:
Сургуулийн алсын хараа: Бүсдээ бүх талаараа тэргүүлсэн шилдэг сургуулийн нэг болно.
Эрхэм зорилго: Сургалтын агуулгыг орон нутгийн онцлогт тулгуурлан боловсруулж, эрүүл саруул бие бялдартай, бүхий л талаараа хөгжсөн оюунлаг иргэнийг төлөвшүүлэхэд чиглэнэ.
Дарви сумын бүрэн дунд сургууль нь 2012-2013 оны хичээлийн жилд удирдах ажилтан 4, үндсэн багш 34, үйлчилгээний ажилтан 22, гэрээт ажилтан 11, нийт 71 орон тоотойгоор боловсролын талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг сурталчлах сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах үр дүнг тооцон ил тод тайлагнан хяналт шинжилгээ хийж гүйцэтгэлийг дүгнэн мэдээлэх үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллаа.
Тус сургууль нь бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх төрийн бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж өдрөөр 573, дүйцсэн ба эчнээ хөтөлбөрөөр 54, нийт 627 сурагчид боловсролын үйлчилгээ үзүүлэн тэдгээрийг захиргааны болон мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажилласны дүнд хичээлийн жилд бага боловсролыг 71 сурагч, суурь боловсролыг 85 сурагч, бүрэн дунд боловсролыг 34 сурагч нийт 190 сурагч боловсрол эзэмшин төгссөн байна.
Засгийн газар, аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, боловсролын салбарт хэрэгжиж буй үндсэн хөтөлбөрүүдийн биелэлтийг улирал, жилээр тооцож сургуулийн хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан сумын Засаг даргатай ерөнхий менежерийн гэрээгээр нийт бүтээгдэхүүн, тусгай захиалгаар бүтээгдэхүүн нийлүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ 100% биелүүлсэн.
2012-2013 оны хичээлийн жилд бага ангийн 11 бүлэгт 263, дунд ангийн 6 бүлэгт 207, ахлах ангийн 4 бүлэгт 103, нийт 21 бүлэгт 573 сурагч өдрөөр суралцаж анги дүүргэлт 27,2, үндсэн багшийн тоо 34, нэг багшид ноогдох сурагчийн тоо 17,6 болсон байна. Хөгжлийн бэрхшээлтэй 24 сурагч сургуульд хамрагдан суралцаж байна. Мөн сургуулийн дэргэдэх “Гэгээрэл төв”, оюуны хөгжлийн төв, хүүхэд хөгжлийн төвийн үйл ажиллагаа тогтмолжсон.
Энэ хичээлийн жилд дотуур байранд 1 багш, үйлчилгээний ажилтан 8, гэрээт ажилтан 3 ажиллаж 108 малчны хүүхэд амьдарч байна.
2012 онд 1-р ангид 61, 9-р ангид 66, 11-р ангид 44 сурагч тус тус элсэн суралцаж байна.
СОЁЛЫН ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА
Соёлын төвийн эрхэм зорилго: Үндэсний урлагаа дээдлэн хөгжүүлж, соёл мэдээллийн цогц үйлчилгээг жигд хүртээмжтэй хүргэдэг “соёл мэдээлэл сурталчилгааны жишиг төв” болох
Соёлын төв анх 1953 онд “Улаан булан” нэртэй байгуулагдаж, 50 гаруй жил урлаг уран сайхан, соёл мэдээллийн үйлчилгээг хүргэж соёлын төв болтлоо өргөжин хөгжжээ.
Соёл урлаг, мэдээллийн, сургалтын, чөлөөт цагийн гэсэн 4 үндсэн чиглэлээр үйл ажиллагаагаа төлөвлөн жилд нийт 80 гаруй арга хэмжээ зохин байгуулж, давхардсан тоогоор 9000 гаруй үзэгчдэд үйлчилдэг. Ардын урлагийн төрөлжсөн дугуйлан тогтмол хичээллүүлж жилдээ 150 гаруй хүүхэд залуучуудыг хамруулж байна. Тус байгууллага сүүлийн жилүүдэд ажлынхаа үзүүлэлтээр аймагтаа байнга эхний 5 байрт шалгарч, 2009 онд шилдэг Соёлын төвөөр шалгарсан.
2007 онд Ховд аймагт “Сутайн уянга” тайлан тоглолт, 2011 онд Улаанбаатар хотод “Цуутай нутаг Сутай нутаг” уулзалт, тоглолт зохион байгуулсан. Морин хуур, уртын дуу, хөөмий бий биелгээг өвлөн дэлгэрүүлэх хөгжүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж, 15 морин хуурч, 20 бийч, 9 уртын дууч, 10 хөөмийч бэлтгэгдээд байна.
Ажилчдын ажиллах орчин нөхцлийг сайжруулах, байгууллагын материаллаг баазыг бэхжүүлэх талаар арга хэмжээ авч жил бүр 10-аас доошгүй сая төгрөгний хөрөнгө оруулалтыг татаж, номын фондоо 85%-иар нэмэгдүүлсэн, уншлагын танхим байгуулсан, дуу авианы тоног төхөөрөмж шинэчилсэн, бүх ажилчдыг хүчин чадал бүхий компьютерээр хангасан, урлагийн хувцас, ардын хөгжмийн зэмсгээ бүрэн шинэчилсэн зэрэг томоохон ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.
Номын сан: Тус сумын номын сан нь 1976 онд анх байгуулагдсан. 3425 номын фондтой, жилд 1000 гаруй номоор 600 гаруй уншигчдад үйлчилдэг. Шинэ болон сэдэвчилсэн номын үзэсгэлэн тогтмол зохион байгуулж, тэмдэглэлт болон баярын өдрүүдээр танин мэдэхүйн тэмцээн уралдаан зохион байгуулдаг. Жилд иргэдийн оюуны эрэлт хэрэгцээнд нийцсэн 100-400 ш номыг улсын төсөв, хандиваар фондоо баяжуулан ажилладаг.
2005 онд 300 хүний суудалтай шинэ соёлын төв ашиглалтанд орсон. Удирдах ажилтан-1, гүйцэтгэх-4, гэрээт-2 нийт 7 ажилтантай үйл ажиллагаа явуулж байна.
Соёлын төвийн дэргэдэх МУСТА Ш.Дорж, МУСТА Р.Бадамсүрэн нараар ахлуулсан 50 гаруй уран сайханчдтай. Ардын дуу бүжиг, хөгжмийн “Золбоо” хамтлаг, морин хуурын “Өсөгдэй” хамтлаг, бий биелгээний “Сувдан бий” хамтлагтай.
ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ТАНИЛЦУУЛГА
1963 онд анх Сутайн хөгжилт нэгдлийг түшиглэн 1 эсгий гэртэй, 1 багштай, 25 хүүхэдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Анхны эрхлэгчээр Г.Хандсүрэн гэдэг хүн ажиллаж байсан байна. 1973 оноос тусдаа бие даасан төсөвтэй болж үйл ажиллагаа өргөжин тэлж сургалтын байгууллага болсон байна. Эрхлэгчээр БТА П.Баасанханд /1973-1978он/, 1978-1998 он хүртэл Б.Маахүү нар ажилласан байна. 1999 оноос өнөөг хүртэл боловсрол судлалын магистр БТА Д.Соёлмаа амжилттай удирдан ажиллуулж байна. Одоо тус цэцэрлэг нь шинэ барилгатай, 19 багш ажилтантай нэг удирдах ажилтантай, жилдээ 120-150 хүүхэд хүлээн авч сурган хүмүүжүүлж сургуулийн өмнөх боловсролыг амжилттай олгож байна.
Ажлын амжилтаас :
2007 онд аймагтаа 1-р байр, 2009 онд аймагтаа 2-р байр, 2011 онд аймгийн шилдэг цэцэрлэгээр тус тус шалгарч сүүлийн 8 жил аймагтаа тэргүүлсэн амжилт гаргажээ.
2009, 2011 онд сумын аварга байгууллагаар шалгарсан.
Тус цэцэрлэг нь мэргэжлийн боловсон хүчнээр 100% хангагджээ.
2011, 2012 онуудад нийт 10 гаруй сая төгрөгний хөрөнгө оруулалт оруулж ажиллажээ. Үүнд: гал тогооны тоног төхөөрөмжийг иж бүрэн шинэчилж цахилгаан 1, 2-р хоолны тогоо, хөргөгч, хөлдөөгч гэх мэт бага насны хүүхдийн тоглоом наадгайн хүрэлцээг нэмэгдүүлж 2012 онд 5 сая гаруй төгрөгний тоглоом шинэчлэл хийж сургалтын орчинг бүрдүүлж ажиллаа. Мөн багш нарын ширээ сандал, хүүхдийн хувцасны шүүгээ, тоглоомын тавиур,/ тогтвортой амьжиргаа-2/ -төслийн хүрээнд хүүхдийн зөөлөн эдлэлийг иж бүрэн шинэчиллээ.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ
Дарви сумын хүн эмнэлэг нь 1937 онд Хөвхөр голын хөвөөнд нэг гэртэйгээр байгуулагдсан бөгөөд сувилагч Загдсүрэн, ажилчин Санждорж нар ажиллаж байжээ.
1947 он гэхэд эх баригч бага эмч, гурван ээлжийн сувилагчтай болж 1957 онд их эмчийн салбартай болж эрхлэгчээр нь Уртнасан эмч ажиллаж байв.
Эмнэлэг жилээс жилд өргөжин 1958 оноос лаборант, бригадын бага эмч зэрэг иргэдэд хүрч үйлчлэх шаардлагатай боловсон хүчнүүдээр хангагдсан. 1965 оноос их эмч Уртнасан, нэг жилийн дараа 1967 оноос Эрхлэгч эмчээр М.Ядампүрэв, П.Пүрэв, С.Дорж нар ажиллаж байсан. 1982 оноос сум дундын эмнэлэг болж өргөжин 2 давхар барилгатай 45-50 ортой, дуудлагын 2 машин, мэс засал, төрөхийн бүтэн блоктой өөрийн аймгийн сумуудад үйлчлэхийн зэрэгцээ хөрш зэргэлдээ Говь-Алтай аймгийн нийт 5 сумыг хамарсан эмнэлэг болж хөгжсөн. Их эмчийн салбартай болсноос хойш эх баригч, дүн бүртгэгч, рентген техникч, угаагч, 2 машинтай үйлчилгээ явуулж байсан. Манай хамт олон 1967-1973 онд аймагтаа 1-5 байранд орж шилжин явах туг авч, ЭМЯ-ны хүндэт самбарт тавигдаж, улс аймгийн уралдаант байранд удаа дараа орж байлаа. Сүүлийн жилүүдэд аймгийнхаа сумын эмнэлгүүдээс эхний 1-3 байрыг эзэлж цом, өргөмжлөлөөр шагнагдсан.
Эмнэлэг одоогийн байдлаар 23 орон тоотой, 2 их эмч 5 багийн эмч, ээлжийн 4 сувилагч, дүн бүртгэгч, эх баригч, лаборант, вакцинжуулалт, нийгмийн эрүүл мэндийн эмч мэргэжилтнүүдтэйгээр жилдээ 110 сая төгрөгийн төсөвтэйгээр иргэдэд нийгмийн эрүүл мэндийн эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж байна. Манай хамт олны дотор эрүүл мэндийн тэргүүний ажилтан 10, эрүүл мэндийн яамны жуух бичигтэй 15, мэргэжлийн ахлах зэрэгтэй 6 мэргэжилтэн ажиллаж байна.
Эрхэм зорилго:
Иргэдэд НЭМ-ийн болон эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг мэргэжил ур чадварын өндөр түвшинд үзүүлж, эмнэлгийн ажилтны ёс зүйг эрхэмлэн дээдэлж, ажлын байрандаа хөрвөх чадвартай боловсон хүчнийг төлөвшүүлж, зонхилон тохиолдох өвчлөл эрсдлийг бууруулж хүн амын дундаж наслалтыг нэмэгдүүлж,эрүүл биетэй саруул ухаантай өв тэгш хүнийг бий болгоход оршино.
Сүүлийн 20 жил эхийн эндэгдэл гараагүй, 0-5 насны хүүхдийн эндэгдэл улс, аймаг, сумуудын дунджаас доогуур үзүүлэлтэй байгаа. Халдварт өвчний гаралт сүүлийн жилүүдэд эрс буурч, системийн байгууллагуудад дотроо эхний байруудад орж байсан.