Дарви сумын танилцуулга

Түүхэн сурвалж:

Өнөөдрийн Ховд аймгийн Дарви сумынхан угсаатны зүй, хэл яриа, бичиг соёл, шашин шүтлэг, зан заншил, аж төрөх ёсоороо XI-XII зууны үеийн гурван голын Монголчууд болон XIV-XVII үеийн халх монголчуудтай адилхан гарал үүсэлтэй нь маргаангүй юм.

Харин Монголчуудын олон овог, аймаг, ханлигуудын чухам алинаас нь гаралтай, өнөөгийн идээшиж дассан унаган нутагтаа хэзээ ирж хэрхэн суурьшсан нь тодорхой бус ажээ.

Түүх шашдир, сурвалж бичигт тэмдэглэснээр Дэлгэр багийн нутаг Баян өндөрийн уул хад, Мөрөн багийн нутаг Хөшөөтийн хөндийн амны Рашаантын хадны сүг зургууд нь хүрлийн эхэн, дунд үед хамаарагдаж байгаа нь манай нутагт эрт цагаас хүмүүс ээнэгшин дасаж эзэгнэн амьдарч байсан нь батлагдаж байна.

Тус сумын Булаг багийн нутаг Гүн жалганд Монгол Улсад л байгаа Хүннүгийн үеийн хамгийн том, Ази тивд буй алдартай гурван булшны нэг байдаг. Энэ нь Сутай нутагт Хүннү нар суурьшин амьдарч байсны ул мөр юм.

1987 онд эрдэмтэн Д.Навааны хийсэн археологийн судалгаанаас үзэхэд Дарви сумын Хөвхөрийн голын эхэн дэх Булган толгойд малталт хийсэн булшнаас олдсон эмэгтэй хүний ар талдаа цутгамал хээтэй хүрэл толь, оюу шигтгээтэй ээмэг, сувдан чимэг, үйлний хайч, шөвөг, торгон эдлэлийн үлдэц зэрэг нь XII-XIII зууны үеийн Монголчуудын эдэлж хэрэглэж байсан эд зүйлс болохыг баталж байна.

Үүнээс үзэхэд Дарви сумынхны өвөг, дээдэс XII-XIII зууны үед лавтай энэ нутагт ирж суурьшсан байж болох юм гэсэн санал дэвшүүлэхэд эргэлзэх зүйлгүй.

Тус сумынхан өвгөд, дээдсээ олхуноуд аймгаас гаралтай, өөрсдийгөө өдгөө хүртэл олхуноуд гэж нэрлэсээр ирсэн юм.

Үүсч байгуулагдсан үнэн түүх:

Хувьсгалт тэмцлийн баатарлаг, хөдөлмөрч, түүхэн уламжлалтай Ховд аймгийн “Үхрийн бөөр шиг алаг хирнээ ихрийн сэтгэлтэй” олон ястангуудын дотроос Монголын тулгуур төрийг үндэслэн байгуулагч суут эзэн богд Чингэс хааны ачлалт ээж Өэлүн хатны үе дамжсан тэнгэрлэг удмын Олхуноуд овогтны алтан нутаг Засагт хан аймгийн Эрдэнэбэйсийн хошууг 1921 онд Хантайшир аймгийн Сутай уулын хошуу хэмээн нэрлэсэн байна. Тэр намар Монгол Улсын Засгийн газрын төлөөний түшмэл Эрдэнэжав Сутай нутагт томилолтоор ирж, удирдлагын тогтоол шийдвэрийг ухуулан таниулах хурал цуглааныг хэд хэдэн газар хийлгэн Эрдэнэбэйсийн хүү Сүрэн гүний хошуу захирах эрх дархыг хасаж, оронд нь олонхийн дэмжлэг авсан харц ардаас гаралтай Чадраабалын Галсанцэвэгийг сонгожээ.

Хамгийн сүүлийн хошуу ноён Э.Сүрэн гүн нь уугуул нутгийн суугуул түмнээ өр зүрхнээсээ өмгөөлөн хамгаалж аливаа шударга бус ял шийтгэл, хуудуутай өр зээлээс байнга хөнгөлөн хэлтрүүлж явсан Халхын цэцэн билэгт Чуулган дарга Аюур Да гүнтэн, түүний хүү А.Эрдэнэ бэйсийн гал голомтыг сахисан ганц үр нь байжээ. Энд онцлон сонирхуулахад Э.Сүрэн гүний дараа хошуу ноёны албыг өөр хүн залгамжлан хаших байсансан бол та бидний сайн танил Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, алдарт хоньчин С.Цогтгэрэл гуай түмний итгэл хүлээж төрийн эрхийг барих учиртай байсан бүлгээ.

1924 онд хуралдсан улсын анхдугаар их хурлын шийдвэрийн үндсэн дээр орон нутгийн Засаг захиргааны зохион байгуулалтанд өөрчлөлт хийж Сутай уулын хошууг Дарви сум гэж нэрлэн сумын захиргааны даргаар Гомбосүрэнг сонгожээ.

1958 онд орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалтыг Хөдөө аж ахуйн нэгдлийн байршилтай уялдуулан зохицуулах болсноор Буянт багийн “Шинэ өсөлт” нэгдлийг түшиглэн Дарви сум, хуучин Хайрхан сумын багуудыг харъяалсан “Шинэ амьдрал” нэгдлийг түшиглэн Мөрөн сум, Баянгол, Дэлгэр, Булган, Цагаан булаг, Хишигтийн багуудыг нэгтгэн Сутай сумыг тус тус байгуулснаа 1959 онд Сутай, Дарви хоёрыг нийлүүлэн Дарви сум, 1963 онд Дарви Мөрөн хоёрыг нэгтгэн өнөөдрийн Дарви сумыг цэгцлэн байгуулсан түүхтэй.

Ийнхүү 8 баатрын зартай нутаг Ховдын Дарви туурга тусаар аймгийнхаа толгой даасан нэгэн томоохон сум болсны 80 жилийн ойгоо 2004 онд тэмдэглэн өнгөрүүлж 90 жилийн ой угтсан ажилдаа шамдан ороод байна.

БАЙРШИЛ, ХӨРС, УРГАМАЛ, АШИГТ МАЛТМАЛ, УУР АМЬСГАЛ

Газар зүйн байрлал: Дарви сум нь Монгол Алтайн нурууны баруун урд хэсэг, Их нууруудын хотгорын өмнөд хэсэгт Улаанбаатар хотоос 1220 км, Ховд хотоос 210 кмт оршдог. Уул тал, хангай говь хосолсон өргөн уудам нутаг дэвсгэртэй бөгөөд баруун талаараа Говь-Алтайн Тонхил 130 км, Дарви 70 км, өөрийн аймгийн Цэцэг сум 70 км, Зэрэг сум 65 км, хойд талаараа Чандмань сум 120 км, зүүн талаараа Говь-Алтайн Хөх морьт 100 км, өмнө талаараа Баян-уул 120 км зайтай оршиж хиллэдэг.

Тус сумын нутаг дэвсгэрийн баруун захын цэг нь Сутай уулын ноён оргил, зүүн захын цэг 5 хайрхан, хойд захын цэг нь Мөнгөн овоо, өмнөд захын цэг нь Шинэ усны хүрэн толгой болно.

Нутаг дэвсгэрийн нийт хэмжээ 560460 га, үүнээс бэлчээр 493228 га, ой мод 2340 га, хадлангийн талбай 60 га, газар тариалан 1002 га эргэлтийн талбайтай. Аймгийнхаа хэмжээнд Алтай, Булган, Үенч сумдын дараа ордог ба хойноосоо урагш 117 км, баруунаас зүүн тийш 105 км сунаж тогтсон. Аймгийнхаа Хөдөө аж ахуйн эдэлбэр газрын 9,14 хувийг эзэлдэг. Сумын нутаг нь байгалийн ерөнхий төрхийн хувьд их нууруудын хотгорт хамаарах Цагаан нуурын хотгор, Дөргөн нуурын өмнөх Таван хайрханы тал, Тунгалагын тал, Баянцагааны нуруу, Хүйсийн говийн цөлөрхөг ба уулын хээрийн бүсэд хамаарах бөгөөд үнэхээрийн үзэсгэлэнт төгс Сутай 4090 м, Бумбат хайрхан 3750 м, Дарвийн нуруу 2686 м-ийн өндөр ба дундаж өндөрлөг уулстай.

Нутаг дэвсгэр нь ерөнхийдөө говь хээр, уулын хээр, ойт хээр хосолсон байгалийн өвөрмөц төрхийг хадгалсан үзэсгэлэнт байгальтай.

Хөрс: Сумын баруун хойд талаар өндөр уулын хүрэн хөрс, өмнөд талаар уулын нугын хүрэн хөрс, зүүн болон зүүн хойд өмнөд хэсгээр тал хээрийн бор хөрстэй бөгөөд нутгийн ихэнх хэсэгт тал хээрийн цайвар хүрэн хөрс зонхилно.

Ургамал: Тус сумын нутаг нь эмийн болон бэлчээрийн ургамлаар баялаг бөгөөд ховор эмийн ургамлаас Вансэмбэрүү, Алтан гагнуур, Зэрлэг сонгино, Морин зээргэнэ, Далан түрүү, Таван салаа, Тарваган тагнай, Үхэр гоньд, Үнэгэн сүүл, Хурган чих, Эрээн гомбо, Чихэр өвс, Царван, Бадамлянхуа, Яргуй, Буйлс, Чадрай, Нэрс, Хад, Тошлой, Үүргэнэ, Таана, Хөмөл, Мангир, Мөөг, Цайны навч, Балчирган, Хармаг, Цагаан мөөгтэй.

Дөргөний тал, таван хайрханы тал, Хотгорын тал, Шар харганы тал, Баянцагааны болон Баянголын нам уулс, Говь тал нутгаар дэгнүүлт үетэн, багалуур бүхий цөлийн хээрийн ургамал тархсан байхад ухаа гүвээ тал газраар харгана хээрийн ургамалтайгаараа таван хошуу малын 4 улирлын нутагтай бэлчээрийн арвин нөөцтэй сум юм.

 

 

 

Дарви сум нь Ховд аймгийн сумуудаас ойн багагүй нөөцтэй Хөшөөт, Музан, Мандалт, Дэлгэр, Цэцэрлэг, Өлзийт зэрэг газрууд хар модон ойтой. Хөшөөтийн хөндийг дагасан Бургас улиасан шугуйтай.

Ан амьтан: Сумын нутаг дэвсгэрт орших амьтдын ихэнх хэсгийг уул хээрийн ба говь цөлийн бүсэд түгээмэл тархалттай амьтад бүрдүүлнэ.

Дэлхийд ховордсон хар сүүлт, Бөхөн, Ирвэс, Зэгсний гахай, Суусараас гадна Янгир ямаа, Үнэг, Чоно, Тарвага, Зурам зэрэг хөхтөн ба туурайтан амьтад Хойлог, Цасны ятуу /ахууна/ Цармын бүргэд, Тас, Өдлөг шонхор, Ахилаг, Хөтүү зэрэг 26 төрлийн жигүүртэн шувуу, мэрэгчдээс Бозлог, Зурам, Сибирийн алаг даага, Элсний зусаг, Шар чичүүл, Говийн алаг даага, Атиг даахай, Хэвлээр явагчдаас Хонин гүрвэл, Могойн гүрвэл, Могой элбэг.

Геологийн тогтоц: Тус сумын нутагт орших Сутай, Бумбат хайрхан Дарвийн нуруу зэрэг уулууд нь гуравдагч галвын хурдас, уулсын хажуу дээр өргөн тархаж Бумбатайн, Буянтын, Мандалтын, Баясгалантын, Мөрөнгийн өргөн сайхан бэлүүдийг үүсгэсэн. Эдгээр уулс уулсын бэл нь 5 хошуу мал сүргийн бэлчээрийн гол нутаг юм.

Ашигт малтмал: Сумын нутагт Хөшөөт Өлзийтийн нүүрсний орд газар байхаас гадна Мөнгө, зэс, өнгөт чулуу, төрөл бүрийн шороон будаг, чулуужсан модны ордтой. Сумын төвөөс 50 км-т орших Хөшөөтийн нүүрсний ордыг түшиглэн 1972 онд нүүрсний уурхай байгуулсан бөгөөд энэ ордны нүүрс агуулагч хурдас болон нүүрсний ашигт үеүүд хойноосоо сунасан, 40 градус налуутай ордны нөөцийг 1980 оны эхний байдлаар дээд үе буюу В, Ц, давхрагаар өмнөд ба төв хэсэгт 24 сая тонн геологийн төсөөллийн нөөц Р2 зэргээр 197 сая тонн нүүрстэй гэж  тооцжээ.

Ордны нүүрсний чанар сайн, ашигт үе нь зузаан, ашиглалтын уул геологийн болон гидрогеологийн нөхцөл сайн газрын доорхи усны түвшин доогуур байгаа нь нүүрсийг ил аргаар гаргаж ашиглах боломжтой.

Хөшөөтийн нүүрсний орд нь Ховд аймгийн төв болон Ховд, Говь-Алтай аймгийн 10 гаруй сумыг нүүрсээр хангаж байна.

Өнөөдрийн байдлаар олон улсын хөрөнгө оруулалттайгаар Мо Эн Ко компани ашиглаж байна. Мо Эн Ко-ны хөрөнгө оруулалттайгаар Байшин үзүүр хүртэл 40 км сайжруулсан замтай болсны зэрэгцээ Хөшөөтийн уурхайд 40 гаруй өрхийн 110 хүнийг ажилд оруулж гэрээтэй ажиллаж байгаа нь сумын ядуурал, ажилгүйдлийг багасгасан томоохон ажил боллоо.

Уур амьсгал: Дарви сумын нутаг дэвсгэр нь их газрын эрс тэс уур амьсгалтай. Жил сар хоногийн дулааны хэлбэлзэл их, хүйтэн урт өвөлтэй, агаар нь хуурай, унах хур тунадасны хэмжээ бага, ялангуяа зуны улиралд Цагаан нуурын хотгор, Баянцагаан, Тунгалагын тал, Хүйсийн говь зэрэг тал говь нутгаар аагим халуун байдаг.

Өвлийн цагт эсрэг циклон тогтдог. Хавар намар салхи ихтэй, ихэвчлэн баруун хойд зүгээсээ салхитай, салхины хурд 4-9м/секунд, хүчтэй шуурсан үедээ 20-25 м/секунд хүрдэг. Жилд унах хур тунадасны хэмжээ 120-180 мм, өндөрлөг хэсэгтээ 250-300 мм хүрнэ. Өвлийн улиралд 20-24 хэм хүйтэн, заримдаа 40 хэм хүрч хүйтрэх боловч зунд 25-32 хэм дулаан байна.

Сум нь усан хангамжийн хувьд төдийлөн сайн биш Сутай, Бумбат хайрхан уулсуудаас эх авсан Цагаан гол 11 км, Хөшөөт мөрөн 51 км, Музан 14 км, Дэлгэр 12 км, Буянт 23 км, Үхэр чулуут, Цагдуулт 15 км, Хөвхөр 18 км, Уртын голууд 32 км урт урсдаг.

Олон тооны булаг шандуудтай. Гүний усан хангамж сайтай, усан сан худгуудтай, сумын төвөөс 17 км-т томоохон талбай бүхий хужир шүүтэй цагаан нуур бий.

Дэлгэрийн гол 108 ундрагатай булаг шанд рашаантай.

Мөнх цаст Сутайгаас эх авсан болон түүний салбар салаа бүрээс урссан олон рашаан гол горхитой. Таван хошуу малаа адгуулан маллах Алтай, Хангай, Тал хээр хосолсон 4 улирлын нутагтай энэ чанараараа МАА-н салбараас төрсөн Хөдөлмөрийн баатар, Гавъяат малчин, Аварга малчин, Сайн малчин, Мянгат малчин олонтой.

Ази тивд байдаг 3 том хиргисүүрийн нэг Загал баатарын хиргисүүр байдгаас гадна олон хадны бичээс зүг зураг газрын өрх, зэрэг түүх дурсгалын газруудтай. Хөшөөт, Өлзийтийн нүүрсний уурхайтай. Өлзийт, Мандалт, Хөшөөт, Музангийн хөндийд хар модтой. Нефть, алт, төмрийн хүдэр, гялтагнуур байх боломжийн талаар судалгаа явагдаж байна. Төрсөн нутаг уусан уснаас шалтгаалдаг болов уу гэмээр олон эрдэмтэн мэргэд төрөн гарсан хаа ч явсан энэ нутгийн ард түмний хөмсөг нь өөдөө ажил, амьдрал нь өөдрөг явдаг.