Түүхэн сурвалж:

Өнөөдрийн Ховд аймгийн Дарви сумынхан угсаатны зүй, хэл яриа, бичиг соёл, шашин шүтлэг, зан заншил, аж төрөх ёсоороо XI-XII зууны үеийн гурван голын Монголчууд болон XIV-XVII үеийн халх монголчуудтай адилхан гарал үүсэлтэй нь маргаангүй юм.

Харин Монголчуудын олон овог, аймаг, ханлигуудын чухам алинаас нь гаралтай, өнөөгийн идээшиж дассан унаган нутагтаа хэзээ ирж хэрхэн суурьшсан нь тодорхой бус ажээ.

Түүх шашдир, сурвалж бичигт тэмдэглэснээр Дэлгэр багийн нутаг Баян өндөрийн уул хад, Мөрөн багийн нутаг Хөшөөтийн хөндийн амны Рашаантын хадны сүг зургууд нь хүрлийн эхэн, дунд үед хамаарагдаж байгаа нь манай нутагт эрт цагаас хүмүүс ээнэгшин дасаж эзэгнэн амьдарч байсан нь батлагдаж байна.

Тус сумын Булаг багийн нутаг Гүн жалганд Монгол Улсад л байгаа Хүннүгийн үеийн хамгийн том, Ази тивд буй алдартай гурван булшны нэг байдаг. Энэ нь Сутай нутагт Хүннү нар суурьшин амьдарч байсны ул мөр юм.

1987 онд эрдэмтэн Д.Навааны хийсэн археологийн судалгаанаас үзэхэд Дарви сумын Хөвхөрийн голын эхэн дэх Булган толгойд малталт хийсэн булшнаас олдсон эмэгтэй хүний ар талдаа цутгамал хээтэй хүрэл толь, оюу шигтгээтэй ээмэг, сувдан чимэг, үйлний хайч, шөвөг, торгон эдлэлийн үлдэц зэрэг нь XII-XIII зууны үеийн Монголчуудын эдэлж хэрэглэж байсан эд зүйлс болохыг баталж байна.

Үүнээс үзэхэд Дарви сумынхны өвөг, дээдэс XII-XIII зууны үед лавтай энэ нутагт ирж суурьшсан байж болох юм гэсэн санал дэвшүүлэхэд эргэлзэх зүйлгүй.

Тус сумынхан өвгөд, дээдсээ олхуноуд аймгаас гаралтай, өөрсдийгөө өдгөө хүртэл олхуноуд гэж нэрлэсээр ирсэн юм.

Үүсч байгуулагдсан үнэн түүх:

Хувьсгалт тэмцлийн баатарлаг, хөдөлмөрч, түүхэн уламжлалтай Ховд аймгийн “Үхрийн бөөр шиг алаг хирнээ ихрийн сэтгэлтэй” олон ястангуудын дотроос Монголын тулгуур төрийг үндэслэн байгуулагч суут эзэн богд Чингэс хааны ачлалт ээж Өэлүн хатны үе дамжсан тэнгэрлэг удмын Олхуноуд овогтны алтан нутаг Засагт хан аймгийн Эрдэнэбэйсийн хошууг 1921 онд Хантайшир аймгийн Сутай уулын хошуу хэмээн нэрлэсэн байна. Тэр намар Монгол Улсын Засгийн газрын төлөөний түшмэл Эрдэнэжав Сутай нутагт томилолтоор ирж, удирдлагын тогтоол шийдвэрийг ухуулан таниулах хурал цуглааныг хэд хэдэн газар хийлгэн Эрдэнэбэйсийн хүү Сүрэн гүний хошуу захирах эрх дархыг хасаж, оронд нь олонхийн дэмжлэг авсан харц ардаас гаралтай Чадраабалын Галсанцэвэгийг сонгожээ.

Хамгийн сүүлийн хошуу ноён Э.Сүрэн гүн нь уугуул нутгийн суугуул түмнээ өр зүрхнээсээ өмгөөлөн хамгаалж аливаа шударга бус ял шийтгэл, хуудуутай өр зээлээс байнга хөнгөлөн хэлтрүүлж явсан Халхын цэцэн билэгт Чуулган дарга Аюур Да гүнтэн, түүний хүү А.Эрдэнэ бэйсийн гал голомтыг сахисан ганц үр нь байжээ. Энд онцлон сонирхуулахад Э.Сүрэн гүний дараа хошуу ноёны албыг өөр хүн залгамжлан хаших байсансан бол та бидний сайн танил Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, алдарт хоньчин С.Цогтгэрэл гуай түмний итгэл хүлээж төрийн эрхийг барих учиртай байсан бүлгээ.

1924 онд хуралдсан улсын анхдугаар их хурлын шийдвэрийн үндсэн дээр орон нутгийн Засаг захиргааны зохион байгуулалтанд өөрчлөлт хийж Сутай уулын хошууг Дарви сум гэж нэрлэн сумын захиргааны даргаар Гомбосүрэнг сонгожээ.

1958 онд орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалтыг Хөдөө аж ахуйн нэгдлийн байршилтай уялдуулан зохицуулах болсноор Буянт багийн “Шинэ өсөлт” нэгдлийг түшиглэн Дарви сум, хуучин Хайрхан сумын багуудыг харъяалсан “Шинэ амьдрал” нэгдлийг түшиглэн Мөрөн сум, Баянгол, Дэлгэр, Булган, Цагаан булаг, Хишигтийн багуудыг нэгтгэн Сутай сумыг тус тус байгуулснаа 1959 онд Сутай, Дарви хоёрыг нийлүүлэн Дарви сум, 1963 онд Дарви Мөрөн хоёрыг нэгтгэн өнөөдрийн Дарви сумыг цэгцлэн байгуулсан түүхтэй.

Ийнхүү 8 баатрын зартай нутаг Ховдын Дарви туурга тусаар аймгийнхаа толгой даасан нэгэн томоохон сум болсны 80 жилийн ойгоо 2004 онд тэмдэглэн өнгөрүүлж 90 жилийн ой угтсан ажилдаа шамдан ороод байна.